Надад Зэн буддизмыг монголын уламжлалт сэтгэлгээтэй холбож тайлбарласан хэсэг нь таалагдлаа..
Г.Аюурзана 「Япон яруу найраг дахь Зэн буддизм」
Зэн-буддизмыг монголчууд эртнээс сайн мэднэ. Элдвийн ном сударт шүтэхгүй, тогтсон ёс горимд хашигдахгүй, нэг л үзлийг хөдөлбөргүй баримтлахгүй байх зэрэг зарчим нь Нагаржунайн төв үзэлтэй агаар нэг. Хорвоо ертөнцийг "тийм" ба "үгүй" гэх хэтийдсэн үзлээр бус, харин "тийм ч бус, үгүй ч бус, гагцхүү тийм үгүйн тэнцүү хувиар шүтэн барилдсан" гэдэг хоосон чанарын тухай үзэл өнөөдөр ч дэвшилтэт үзэл юм. Зэн гэдэг япон дуудлага бөгөөд түвдээр дьян, хятадаар чань, монголоор даяан гэдэг. Даяан хийхийн гол утга учир нь дотоод ертөнц рүүгээ маш гүнзгий нэвтэрч, төрөлх мөн чанараа таних, түүгээрээ дамжуулан хорвоогийн утгыг олж сэрэх явдал. Хорвоогийн утга учир юу болохыг сэрж танина гэдэг бол гэгээрэл билээ.
Хэдийгээр зэнгийн бясалгал Будда Шигэмүүнээс эхэлсэн гэж тооцдог ч, бясалгалаар дамжин гэгээрэлд хүрэх замыг хамгийн төгс боловсруулсан үндэстэн бол япончууд юм. Тиймээс ч өнөөдөр зэн гэдэг япон нэр нь сэтгэлгээний энэ өвөрмөц чиглэлийг дэлхий дахинд бүрнээ төлөөлөх болжээ. Зэн-буддизм Японд харьцангуй хожуу буюу XII зууны эцсээр л анх нэвтэрчээ. Ид хөгжсөн үе нь XIV зуун болно. Хубилай хаан Японыг довтлоод бүтэлгүйтсэний улмаас монголчууд япон лам нарыг зэнд суралцахаар ирэхэд нь мөрдөн мөшгиж байсан, Сэссон хэмээх яруу найрагч бүр тагнуул хэмээн сэрдэгдэж Юань улсын гянданд хоригдож, Күнзийн суртлыг дээдлэгч Төвтөмөр хааны өршөөлөөр л суллагдаж асан түүх бий.
Тийм хожуу нэвтэрсэн атал бусад орноос илүү Японд л төгс төгөлдөржиж, япончуудын үндэсний өв үзэл болж чадсаны нууц нь лам нарын хүрээнээс хальж, самуурайн сэлмийн урлаг, цайны ёслол, бэхэн зураг зэргээс гадна чухамдаа яруу найраг, утга зохиолд гүнзгий шингэсэнтэй холбоотой болов уу.Та бидний сайн мэдэх Ли Бай, Дү Фү, Бай Цзю-И зэрэг тан улсын үеийн яруу найрагчдаас эх авсан зэнгийн яруу найрагч Японд анхандаа “Тозан бунгакү” хэмээгддэг гол таван хийдийн хүрээнд л хөгжиж байж.
Аалзны торны сэмэрсэн утсанд
Цэцгийн дэлбээ өртжээ
Хашаанд салхигүй атал, тэр
Өдөржин дүүжигнэн савлана.
Энэ шүлгийг XIV зуунд Кокан гэгч лам бичжээ. Аалзны тор бол ахуйг бэлгэдэж байна. Харин цэцгийн тасарсан дэлбээ бол бодол санаа. Хашаанд өчүүхэн ч салхигүй гэдэг нь зэнд нэвтрэхийн бэлгэ юм. Лам дотоод сэтгэлээ ахуйн аахар шаахар бодлуудаас бүр мөсөн чөлөөлөхийг эрмэлзэж байна. Гэвч бяцхан дэлбээ төдий бодол санаа үлдчихэж.
Тэнэмэл хүнд насны хогшил гэж үгүй
Ууланд суусан үүл, горхинд туссан сар л бүх хөрөнгө нь
Баруун, зүүн хаашаа ч явна, түүний хувьд ижилхэн
Бядан явахынхаа зэрэгцээ
Тэр гэртээ үлдэнэ.
"Ухаантай хүн гэрээс гаралгүй хорвоог таньдаг" гэсэн Лаозын үг бий. "Зарим хүн замд гаравч гэрээ орхидоггүй, зарим нь гэрээсээ холдовч замаа олдоггүй" ч гэсэн үг байдаг. Эл гүнзгий санаануудыг Мусо "ууланд торсон үүл, усанд туссан сар л түүний бүх хөрөнгө" гэсэн шадыг урнаар яруу найраг болгожээ. Мөн үеийн өөр нэгэн лам Жякүшицү:
Хүрхрээн дуслууд салхинд намирч, хүйтэн авиа сонсдоно
Уулсын дээр саран гийж, цонхны гэрэл хулснаа тусна
Хөгшрөх тусмаа би аглагт суухын сайханд автлаа
Хүйтэн асганы ёроолд яс минь бүр ч цэвэршинэ
гэж бичсэн байдаг. Аливааг бодтой, яг л байгаагаар нь хүлээн авах сэтгэлгээгээр бичигдсэн энэ шүлгийн сүүлчийн шаданд зэн буддизм нэвт шингэсэн байна. "Үхэхэд яс минь цэвэршинэ" гэдэг бол амьдралын бүхий л сайн муу мэдрэмж төсөөллөө орхиж, дотоод ертөнцөө чөлөөлөхийн цагт мөн чанар жинхэнээсээ тодрохын ёгт утга юм.
Зургаан төр улс оргүй алга болж,
Харин уул ус хэвээр үлджээ
гэж шүлэглэсэн Тюган Хятад руу зэн судлахаар явж буй андтайгаа боомт дээр салах ёс гүйцэтгэсэн тухайгаа
Кёкигээс барууханд бид уулзаж,
Мянган нарсны шуугих чимээг хамтдаа чагнав.
Надад эгээ л аварга халим
Догшин тэнгисийн давалгаатай тэмцэлдэх мэт санагдав...
Хагацна гэдэг ямагт гунигтай ч,
Аян замд бас харьцуулшгүй баясал бий
хэмээн бичсэн нь зэнгийн сэтгэлгээ яруу найргийн дүрслэлээр илэрхий баяжиж ирсний тод жишээ болно. Зэнгийн яруу найраг дээрх маягаар улам улам утга гүнзгийрч байхад Японы уламжлалт шүлгийн түвшин хавьгүй доогуур, нийтийн шинжтэй үлджээ. Бидний сайн мэдэх хайку л гэхэд ерөнхийдөө хошин хэлц байсан гэж судлаачид тэмдэглэдэг. “Хайку” эрчимтэй хөгжих үед ноёлж асан утга зохиолын хэв маяг "хайкай" нь утгын гүнийг бус, гоёчлол хэлбэрдлийг шүтсэн барилтай байж. Дэргэд нь гүн сэтгэлгээний яруу найраг тодорхой хүрээнд хөгжөөд, тэрхүү хөгжил эрчимжсээр байна гэдэг хэрэглээний шүлэгт илэрхий нөлөөлөх нь гарцаагүй. Улмаар хоёр зууны дараагаас зэнгийн яруу найраг, уламжлалт хайкутай хөгжлийн хувьд огтлолцсон юм. Яруу найрагч Башё Мацуо (1644-1694) зэнгийн лам бөгөөд аглагт даяан хийдэг байж. Багш нь нэгэн намар бясалгалын овоохойд нь ирээд:
-За яажшуухан аж төрж сууна даа?
-Саяхан орсон борооны дараа өвс хэзээ ч ийм ногоон байгаагүй гэмээр сэргэчихлээ.
-Өвсний аль хэр ногоон байх зэнд аль хэр чухал вэ?
-Мэлхий ус руу үсэрч байна, чагнаач хэмээсэн гэдэг.
Ойлгомжгүй бүрхэг мэт боловч зэн буддизмын хувьд ердийн шинжтэй энэ ярианаас хайку хэмээх гурван мөрт шүлгийн шинэ эрин эхэлжээ. Зэнгийн багш шавьдаа ертөнцийн туйлын үнэнийг хөндсөн асуултууд тавьж, Башё зэнгийн гэгээрэлд хүрсэн байна. Үүнээс хойш тэрээр 17 үеэс бүрдсэн ердийн хөнгөн үгэн тоглоом, хар амьдралын тулга тойрсон үгүүлэмжээс үүрд ангижирчээ. Гэгээрэл авчирсан хайкуны утга ийм юм.
Эртний цөөрөм...
Мэлхий үсрэв,
Усны чимээ,
Мэлхий үсрэх, ус цүл хийх чимээ орчин тойрны нам гүмийг хэрхэн эвдэхийг Башё олж харсан хэрэг. Хэрэв цочоох чимээ гарахгүй бол хязгаар эцэсгүй нам гүмийг хэн ч анзаарахгүй. Зэнгийн үүднээс, нам гүм, чимээ анир хоёр хамтдаа ертөнцийг бүхэлд нь илтгэнэ. Нам гүм бол ахуйн аар саар хүсэл шуналаас нэгэнт ангижирсан дотоод сэтгэлийн бэлгэдэл. Гэвч тэр нам гүмийг танихад чимээ хэрэгтэй. Нөгөө талаас энэ хайку цаг хугацааны тухай эргэцүүлэл. Эртний цөөрөм бол үүрдийн, тийш үсэрсэн мэлхий бол зуурдын санааг бэлгэдэж байна. Шүлэгт өнө мөнхийн болоод агшин зуурын мөн чанар нэг дор илэрхийлэгджээ. Гэхдээ мэлхий үсрэхийг сэрсэнийхээ дараа ахиад л нам гүм, ахиад л өнө мөнхийн чанарт яруу найрагч шургав. Тэр юунд ч автаж, хаашаа ч хэлбийлгүй, бүхнийг буй байгаагаар нь л харж үгүүлж байна. Сайхь яруу найрагчийн өөр нэгэн алдарт хайкуны утгыг бас сонсоно уу.
Нүцгэн мөчир дээр
Ганц хэрээ
Намрын орой.
Нүцгэн мөчир гээд бодоход, намар нэлээд орой аж. Токиогийн их сургуулийн профессор Александр Долин сүүлчийн шадыг "...намрын төгсгөл" гэсэн утгаар орчуулсан байна билээ. Орой намрын үдэш. Мөн л "эртний цөөрөм" шиг нам гүм ганц агшин. Ширхэг ч навчгүй бараан мөчир, хар шувуу, үдэш бүхий л орчлон өнгөө алджээ. Байгалийн төрх хүний сэтгэлийн хязгааргүй гүн гунигийг илгэнэ. Хэрээ биш, яруу найрагч ганцаарджээ.
Үхмэл, нүцгэн мөчир дээр суугаа ганц хэрээ нэг л ер бусын, энэ хорвоогоос тасран одсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. "Орой намар", "Намрын үдэш" гэсэн утгаас дуусч байгаа зүйл, төгсгөл хан хийтэл, маш хурц үнэртэнэ. Хачин нууцлаг, ёроолгүй ангал шиг хязгааргүй уудам энэ амьдралыг ингэж мэдрэхэд үүнээс олон үг, урт найраглал хэрэггүй. Хамгийн чухал нь мөнхүү шүлгийг бичсэн оюун ухаан ахуй амьдралаас нэгэнт ангижирчихсан учраас л энэ хайку жинхэнэ дээд яруу найраг болж буй хэрэг. Хятадын сонгодог шүлгээс үүдэлтэй энэ хайкугаа Башё хоёр ч янзаар "зурсан" байдаг. Мөн л зэнгийн арга барилаар, цулгуй цагаан цаасан дээр хар бэхээр, бийрийн маш чөлөөтэй таталтаар. Нэг сайхан уужим амьсгаа аваад л агшин зуур буулгачихсан нь хараажаар илт байдаг. Нэг хувилбарт олон хэрээ, нөгөө хувилбарт ганц л хэрээ дүрслэгджээ. Энэ бэхэн зургийг Башёгийн гарын үсэг ч гэдэг юм билээ.
Зэнд нэвтэрсэн уран бүтээлчдийн хувьд хаана яруу найраг дуусч хаана уран зураг эхэлж байгаа нь, эсхүл хаана уран зураг дуусч яруу найраг эхэлж буй нь ер тодорхойгүй. Угаасаа тийм зааг огт байхгүй. Тэр утгаараа хаана яруу найраг, хүүрнэл зохиолын хил хязгаар байгааг ч тогтоох боломжгүй. Жинхэнэ уран зохиолд энэ ер чухал зүйл биш. Тиймээс дээрх яриаг Шики, Такубоку нарын шүлгүүд, эсхүл бүр Кавабата, Мишимагийн ямар нэгэн романтай холбон үргэлжлүүлж ч болно.
Үг хэлмэгц
Уруул жиндэнэ
Намрын салхи.
Зэн-буддистууд илүүц яриа шаардлагагүй гэж үздэг. Тэдний бусдад хэлэх бүх үг, бусдаас сонсох бүх үг цөм өөрийнх нь дотор бий. Тиймээс өөрөө дотогшоо л өнгийхийг чухалчилна. Зэнг ойлгосон хүний хувьд намрын салхи, дотор нь байгаа үг хоёр л бүхнийг танихад хангалттай. Тэр үгийг гаргаж хэлэх шаардлагагүй. Заавал ам нээж намрын жаврыг залгиж, голдоо хүйт оруулахгүйгээр хорвоогийн аашийг ойлгож болно.
Бурхан багшийн мэндэлсэн өдөр
Бугын бяцхан зоргол
Эхээс унав.
Энэ шүлгээр Башёгийн тухай яриатаа дуусгая. Бид хэн нэгэн хүнийг шүтэн бишрэхээрээ мах цусанд төрснийг нь хүртэл мартах шахдаг. Үнэндээ бодтой үзлээр харах юм бол ямар ч гэгээрсэн будда амьтан ургамлаас илүү дээгүүр заяатай бус юм. Зэн бол хэтийдсэн, жам ёсыг аль нэг тийш гуйвуулсан үзэл биш билээ. Башёгийн шавь нарын нэг Шико:
Чамд юутай атаархана вэ!
Гоо сайхны оргилд хүрээд
Унах юм чи, навч минь!
гэсэн байдаг. Яруу найргийн сэтгэлгээний өвөрмөц япон маягийн оргил бий болоход гол үүрэг гүйцэтгэсэн хүчин зүйл бол чухам зэн буддизм юм. Ихэнх хүмүүс хайкуг жирийн л цагаан үгс, гурван мөрт зураглал мэтээр ойлгодог нь үнэндээ зэн буддизмаас нь ангид ойлгоод байгаа хэрэг. Энгийн мэт хэлбэр нь чухамдаа энгийн гүнзгийрлийг агуулж байдгийг япончууд өөрсдөө ч тэр бүрий ухаардаггүй, тиймээс сүүлийн үед зарим залуус Башёгоос өмнөх түвшний гэнэхэн хайку зохиодог хоббитой болцгоосон тухай ч уншсанаа санаж байна. Башёг залгамжлагчдын нэг Бусон Ёса (1716-1783):
Цахилгаан цахихын зуурт
Хулсны навчнаас
Шүүдэр унах дуулдав...
гэж бичжээ. Энэ бол оюун ухаанд хоромхон төдийд зурсхийн цахих гэгээрлийн зураглал юм. Хорвоогийн утга учрыг гэнэтхэн олж харах ухамсрын ийм үзэгдлийг зэнд "сатори" гэж нэрлэдэг. Яруу найрагт ч ийм гялсхийсэн онгод онцгой чухал бөгөөд буй бүхний цаад учрыг зэнгийн үүднээс ойлгоход навч сэрчигнэх, шүүдэр унах үзэгдэл л хангалттай чухал өдөөгч болно. Алтан үеийн гурав дахь их яруу найрагч Исса Кобаяаши (1763-1827) зэнгийн гүн ухаанд нэвтэрсэн философич байв.
Цаасан хананы цоорхойгоор
Тэнгэрийн заадас үзэгдэнэ.
Юутай сайхан бэ!
гэж бичсэн түүний шүлгүүд зэнгийн гоо зүйг ойлгоход дөхөм лавлах болчихмоор санагддаг юм. Ханын чийрс урагдана гэдэг ахуйн ойлголтоор бол тааламжгүй явдал биз дээ. Монгол гэрийн бүрээс салмарахтай л ижил хэрэг. Гэтэл тэр уранхайгаас сая живаа оддын гэгээ гол мөрөн урсах мэт цавцайн үзэгдэнэ. Япончууд огторгуйн заадал, сүүн замыг "Тэнгэрийн гол" гэж нэрлэдэг. Хүний ахуйгаас байгаль хэдэнтээ илүү гоо. Үүнийг сэрэхгүйгээр яруу найргийн тухай ярилтгүй. Иссагийн өөр нэг хайку:
Ий-ийм сарны доор
Тариан талбайн мануухай
Жишим ч үгүй зогсох юм.
Энэхүү "ийм" гэдэг үгэнд маш өндөр өргөлт шаардлагатай. Яруу найрагч "хосгүй сайхан" гэдгээс ч илүү гайхамшигт утгыг илэрхийлэхийн тулд энэ үгийг хэрэглэжээ. Дэндүү сайхан зүйлийн өмнө бид хэлэх үггүйддэг шүү дээ. Тийм сайхныг гэтэл хэн ч анзаарахгүй бол...?!!! Тэр мануухай зүгээр ч нэг мануухай, гоо сайхныг сэрж мэдрэх чадваргүй хиймэл айгуус төдийхөн дүр биш биз. Биднийг жинхэнээсээ хүн байхад гоо зүйн өндөр мэдрэмж хамгаас чухал. Тийм сарны доор жишим ч үгүй зогсохгүйн тулд тэр. Зэн буддизмын хувьд эдгээр үгс миний тайлбар шиг утгыг агуулаагүй байх л даа. Мануухайг зэнд нэвтрэгчид дорд үзэхгүй. Мануухай ч гэсэн сарны доор зогсох эрх чөлөөгөөр бидэндтэй эн тэнцүү, магадгүй, туйлаас амгалангийн бэлгэдэл болохын хувьд бидэнд багшилж ч чадах нэгэн юм. Түүнийг жишим ч үгүй байна гээд хүнчилж шүүмжлэх нь утгагүй хэрэг. Гэхдээ л бид хүний сэрлээр шүлгийг уншиж гоо сайханд хүрч байна. Энэ бол яруу найргийн аугаа чанар билээ
No comments:
Post a Comment