Б.Цэнддөө Хонгор явдал(сонин.мн)
Хонгор суманд алдагдсан цианит натри гэдэг чинь хоргүй юм гэнэ. Тэр ч бүү хэл хүнсний цианит натри байх гээд явчихлаа.
Химичид “Хүнсний цианит натрийг идэж болдог. Гэхдээ амьдралдаа нэг л удаа идэж амждаг” гэж байна. Онц байдлын дарга нар хэлж байна. Тэр бодис хүнийг үхүүлэхээс өөр гаж нөлөөтэй нь нотлогдоогүй аж. Тэр ч бүү хэл цианит натриар зарим өвчнийг эмчилдэг. Гагцхүү “зарим өвчин” нь хараахан нээгдээгүй л байгаа болохоос. Ер нь бол цианит натри хүний зүрхийг зогсоох боловч найтаах рефлексийг маш сайн байлгадаг. Бөөрийг баллаж хаях боловч суганы үсийг сайхан гялалзуулсаар амь тавиулдаг. Цианитад хордсон бүрлээчид задлан хийсэн эмч нар их төлөв “талийгаач нас бараагүй л бол амьд байх байжээ” гэсэн нэгдсэн дүгнэлтэд хүрдэг зэргийг ард түмэн мэдүүштэй болчихоод байна.
Хонгор сумын иргэдийн арьсан дээгүүр юм гарч байгаа болохоос юман дээгүүр нь арьс гараагүй тул сандраад байх явдалгүйг дарга нар бас хэлж байна. Хариуцлагатай хүмүүсийн хэлж байгаагаар тус сумынхан хордоогүй, зүгээр л арьс өнгөний өвчинтэй байгаа гэх. Арьс өнгөний өвчин нь ардын хувьсгал ялахаас өмнө Монголд байсан феодалын үзэгдэл билээ. Тэд бэлгийн замаар цианит натри тарааж байснаас Монгол оронд ийм өвчин дэлгэрчээ.
Хонгорт болсон явдлууд шинжлэх ухаанд шинэ хуудас нээгээд зогсохгүй түүх судлалын цагаан толбыг ч харлуулан арилгаж байна. Хүн төрөлхтөн Адольф Гитлерийг 1945 онд цианит кали ууж амиа хорлосон мэтээр бузар муухай төөрөлдөж иржээ. Vнэн хэрэгтээ яасан гэхээр, үдийн хоолондоо хэрэглэж байсан цианитийн борцонд хахаж үхсэн юм байна. Хариулт нь энгийн. Оросуудад бүслэгдсэн Берлинд тог, ус тасарч, Гитлерийн тогооч борцоо олигтой дэвтээгээгүй л байхгүй юу.
Хонгор газар таван хөл, хоёр толгойтой тугал төрсөн явдлыг малын тоо толгойг өсгөх сайхан боломж хэмээн энэ талын мэргэжилтнүүд үзэж байна. “Сэтгүүлчид сайхан жишээг хэрхэн харлуулдаг болох нь хос тэргүүн, таван мутарт тугал дээр харагдав” гэж манай орны хүн амын голлох мэргэжилтнээр ажилладаг малын эмч өгүүлэв. Иймэрхүү төл бойжуулаад явбал манай улс 30 биш 60 сая толгой малтай болох нь энүүхэнд аж. “Хэрвээ хүүхдүүд ингэж төрвөл яах вэ” гэсэн асуултад эрүүлийг хамгаалахынхан “нэг толгой сайн, хоёр толгойгоор бодвол түүнээс ч сайн” гэсэн орос ардын зүйр үгийг ишилж байна. Алсын хараатай төрийн түшээд “хоёр толгойтой парламентын гишүүн хоёр санал өгөх эрхтэй” байхаар зохицуулсан хуулийн төсөл барьсан гүйж явна гэнэ. Түүний эхнэр энэ намар шинэ ургацын ногоо идэх цагаар бие шалтагтай болсон гэх шар мэдээ ч байна. Хонгор суманд тариалсан төмс ногоо цианит натритайг нь эс тооцвол хаанаас нь ч харсан төмс байгааг дашрамд дурьдууштай.
Хонгорхон явдлууд өрнөсөөр. Манай МИАТ-ийн онгоц замдаа хадаастай үүлэн дээгүүр гарахдаа дугуйгаа хагалаад, Москвад нөхүүлж, хийлүүлчихээд цааш явжээ.
Зарим нэг үл бүтэх хүмүүс хамаг хэрэг алдарт, манлай уяач сайдаас үүсэлтэйг хэлж байна. Уяач сайдын нүдэнд бүх юм морь болж харагддагаас болсон гэх. Сайд анх гадаадаас онгоц авахдаа “салтаа уужим, ташаа өндөр, хурдлах шинжийн онгоц байна” хэмээн зориуд дугуй нь мурийсан онгоц сонгуулсан гэх. Тэгээд “наадахынхаа бензин тосыг нь сайн сойж хагсаа, үе үе эсгийд боон нисгэж муу хөлсийг нь шавхар аа. Тэгж байгаад уралдуулна” гэж зөвлөсөн гэж ойлгохоор юм ч ярих.
Манай Засгийн газрын зарим гишүүд албан тушаалаасаа болих юм ярьсан. Тэгснээ болихоо болилоо гээд нэрээ татав. Одоо сонсохноо болихоо больсноо болино гэх юм. Учир үл тайлагдах намрын хонгор явдлууд өрнөсөөр.
3 comments:
neeree bichne gej alah nee. elgee hoshtol ineej avlaa. thanks for posting.
Goy bichjee. Neeree Hongor sum gek Mongoliin Чернобыль bolood bna aa. Yana daa ter hordson humuus...
jj&mned
comment tnks
gants hongor ch bish mongol dayaraa l Chernobil boloh geed bh shig bna daa..eroosoo ene Alt hotolboroo tur zogsoovol yadag yum bol??
Post a Comment